Хэд хоногийн өмнө ажилд орох оролдлогынхоо нэг нь болгож нэгэн танилынхаа ятгалгаар үнэгүй сургалтанд суулаа. Сургалт удирдагч залуу 27 настай хирнээ жилийн орлого нь 73 сая төгрөгт хүрсэн болохыг хэлж биднийг ч бас 4 сарын дотор ийм орлоготой болгоно хэмээн амлаж зогсоно. Монгол Улс ядуу байгаа шалтгаан нь юу гээч? Бид ядуу байгаа болохоор Монгол Улс ядуу байгаа юм хэмээн итгэлтэйгээр өгүүлэх тэр залуу цугласан олны хүндэтгэлийг хүлээж алга ташилтыг 5 минут тутамд авч байлаа.
Үнэхээр би ядуу байгаа учраас Монгол улс ядуу байгаа гэж үү? Монголчуудын хэдэн хувь нь ядуу буурай амьдардаг болохыг хэлсэн хэлээгүй хүн бүхэн мэдэж байгаа. Харин энэ ямар шалтгаантай болохыг та магадгүй бодож үзсэн байх. Миний хувьд энэ бодол Харв Экер хэмээх нэгэн бизнесмэний бичсэн номыг уншсанаас хойш төрсөн төдийгүй хэд хэдэн зүйлийг эргэцүүлэн бодоход хүрсэн юм.
Тэгвэл бид яагаад ядуу байдаг вэ? Үүнд Монгол Улс ядуу учраас бид ядуу байна хэмээн хариулвал өөрийнхөө ядуу байгааг өөр зүйл рүү чихэх гэсэн бүтэлгүй оролдлого болж хувирч магадгүй.
Дээр дурдсан зохиогч Харв Экер "Саятны сэтгэлгээний нууц" номондоо энэ асуудлыг хөнджээ. Түүнийхээр бол ядуус болон баячуудын хооронд сэтгэлгээний хэв маяг өөр байдаг учраас ядуус ядуурсаар баячууд баяжсаар байдаг аж. Уг номонд өгүүлсэн баян болон ядуу хүмүүний сэтгэлгээний нэгэн ялгааг энд авч үзсэнээр ядуу байгаагийнхаа шалтгааныг тайлахыг оролдлоо.
Тал аягатай усыг хараад хэрхэн сэтгэхээс таны баян хүн үү ядуу хүн үү гэдгийг таах боломж байна. Ядуу хүн аяганы тал нь хоосон байна гэж хардаг бол баян сэтгэлгээтэй хүн аяганы тал нь дүүрэн байна гэсэн өөдрөг сэтгэхүйгээр хардаг аж. Гэхдээ энэ эерэг сэтгэхүйн талаар биш дэлхий ертөнцийг харах зуршилтай илүү холбогдсон байх юм. Ингэж нэгэн зүйлийг ялгаатай байдлаар харж байгааг хэрхэн тайлбарлаж болох вэ? Үүний хариултыг нэг үгээр хэлэхэд баян хүмүүс боломжин дээр анхаарлаа төвлөрүүлдэг бол ядуу хүмүүс бэрхшээл дээр анхаарлаа төвлөрүүлдэг гэж хэлж болно.
Ядуу хүмүүсийн байнгын бодолд "Хэрвээ бүтэхгүй бол яах вэ?" эсвэл үүнээс дор "Энэ бүтэхгүй байх " гэсэн бодлууд дүүрэн байдаг. Дунд давхаргын хүмүүс харин арай дээр боловч бас л өөртөө итгэлтэй биш байдлаар "Энэ бүтнэ гэж найдаж байна " гэсэн өнцгөөс ажилладаг. Баян хүмүүс бол "Би үүнийг хэрэгжүүлэх учраас бүтнэ " гэсэн бодлоор асуудалд ханддаг. Өөрөөр хэлбэл баян хүмүүс амжилтыг бүтээдэг. Тэд өөрсдийн чадвар, өөрсдийн бүтээлч байдалд итгэдэг бөгөөд ямар нэгэн зүйл бүтэхгүй байх тохиолдолд амжилтанд хүрэх өөр арга замыг олж чадна гэж итгэдэг.
Ер нь бол аливаа зүйлийг үр ашиг их байх тусам эрсдэл нь их байдаг. Баян хүмүүс үргэлж боломжийг олж хардаг учраас эрсдэл хүлээхэд бэлэн байдаг. Баян хүмүүс хамгийн муу зүйл тохиолдсон ч гэсэн үргэлж мөнгөө эргүүлэн олж авч чадна гэдэгтээ итгэдэг.
Харин ядуу хүмүүс бүтэлгүйтлийг хүлээсээр байдгаа өөрөө ч мэддэггүй. Тэд өөрсдөдөө болон өөрсдийнхөө чадварт итгэдэггүй. Ядуу хүмүүс аливаа зүйл бүтэлгүйтвэл сүйрэх юм шиг боддог. Тэд үргэлж саад бэрхшээлийг харж байдаг учраас эрсдэл хүлээхийг хүсдэггүй. Ер нь бол эрсдэлгүй үр ашиг гэж хаана байхав дээ. Баян хүмүүс боломжийг олж харж, түүнийг бүтээдэг ядуу хүн боломжийг хүлээдэг. Түүгээр ч барахгүй боломж гарах үед бэлэн байна гэж хэлдэг хэдий ч тэдний хийдэг зүйл ихэнидээ хойшлуулах явдал байдаг. Тэд үхтлээ айж, 7 хоног, сар, бүр жилээр эргэлздэг бөгөөд тэр үед боломж нь аль хэдийн алга болчихсон байдаг. Тэгээд тэд "Би хийхэд бэлэн болчихсон байсан" гэж нөхцөл байдлыг цайруулдаг. Тэд бэлэн болж байх хооронд баян хүн аль хэдийн хийж дуусгачихаад өөр зүйл хийж эхэлсэн байдаг.
Үргэлжлэл бий...
Т. Харв Экер "Саятны сэтгэлгээний нууц " УБ.,2008 94-101р тал
Үргэлжлэл бий...
Т. Харв Экер "Саятны сэтгэлгээний нууц " УБ.,2008 94-101р тал
No comments:
Post a Comment