Wednesday, August 24, 2011

Амжилтын тэмдэглэл- Цайны цаг

       Цайны цаг болоход 30 минут дутуу атал би өлсөж үхэхнээ. Өрөөний маань найз харин надтай санал нийлэхгүй юм. Хоолонд ороё гэж 30 минут ятгаад бүтсэнгүй яг 1 цаг болохыг хүлээхээр боллоо. Хоол болтол шийр зугаа гэдэг шиг цайнд ортол тэртээ тэргүй ажлаа хийж чадахгүй мантуун буузнууд толгойд эргэлдээд болохгүй нь ойлгомжтой болохоор ганц хоёр юм бичээд сууж байвал хэн хэндээ дээр юмуу даа. /Хэн хэн гэдэг нь миний ходоод бид 2 байхгүй юу/
       Захиралтай уулзаад хийсэн ажлаа шалгуултал урд хойноо орсон эмх замбараагүй санаанууд болсон байна гэлээ. Ерөнхийгөөс тусгай руу сэтгэж хийх нь миний онцлогт тохирохгүй бололтой. Тиймээс тусгайгаас ерөнхий рүү шилжсэн нь дээр бололтой гэсэн санааг надад хэлж энэ нь ч надад таалагдлаа. Ингэж хийвэл үнэхээр болох юм шиг байна.  Юм юм мэдэхгүй учраа олохгүй байгаа надад үнэтэй зөвлөгөө хэлж өгч байгаа миний сургагч шиг л санагдлаа. Хүн зорилгодоо хүрэхийг тулд зөвлөгч багштай байх хэрэгтэй гэсэн нэг санааг Бодо Шеферийн номноос харж байсан санаанд орж тэр сургагч маань захирал маань болвол яг таарах юм байна даа хэмээн бодож сууна. Сургагчаар хэнийг ч хамаагүй сонгох нь оновчтой биш, харин дор хаяж өөрөөс минь 10 дахин их орлоготой, өөрийн минь хүрэх гэж тэмүүлж буй газар хүрчихсэн хүнийг сонгох хэрэгтэй гэнэ. Ер нь бол хүсч байгаа амжилтандаа хэрхэн хүрэх талаар  тэр амжилтанд хүрээгүй хүнээс зөвлөгөө аваад ямар үр дүнд хүрэх билээ. За тэгээд зүтгээд байж дээ, зааварлагчтайгаа хамт. Ашгүй нэг цайны цаг боллоо. Ингэж өлсөж байснаа санахгүй байх чинь... хэхэхэ



Амжилтын тэмдэглэл- Өдрийн эхлэл

Өдрийн тэмдэглэл хөтлөлгүй цөөнгүй хэдэн жил болжээ. Энэ хугацааг эргээд бодоход юу болоод өнгөрсөн нь нэг л тодорхойгүй байсан мэт санагдах юм. Харин одоо энэ мөчөөс эхлэн амжилтын маань тэмдэглэл өглөө бүр миний блог дээр тавигдан уншигч олны сэтгэлийг хөглөх болно. Энэ өдөр миний амжилтын эхлэл. Би эхний алхмаа аль хэдийн хийчихлээ. Ямар сайхан мэдрэмж вэ?
Би хязгааргүй том хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэхийн төлөө тууштай тэмцэгч болно гэж боддог байлаа. Харин одоо би нэгэнт тэмцэж эхэллээ. Анхандаа шинэ хамт олон дунд ороод гадуурхагдах болов уу гэж дандаа л боддог байсан ч энэ ажилд орохын өмнө огтхон ч тэгж бодоогүй. Зүгээр л би хичээвэл болно, бүтнэ гэдэгт итгэж байсан юм. Бүх юм санаснаар минь болж ажилдаа оруутаа  7 хоногийн дотор жинхлэнэ гэдэг ямар сайхан хэрэг вэ? Хамт олон маань үнэхээр сайхан хүмүүс юм. Шинэ хүн ирэхэд чадах бүхнээ зааж тусалж, бусадтай л адилхан харьцаж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна.
Хэдхэн минутын дараа захирал дээр орж ажлаа шалгуулах гэж байна. Энэ үнэхээр сайн болсон. Надад заавар зөвлөгөө өгч цаашаа би ажиллах улам их тэмүүлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна. Би зүгээр нэг өөдрөг сэтгэлтэй охин биш. Би өөдрөг үзлийг өөрийн болгож, хэрэгжүүлж чаддаг өөртөө дэндүү итгэлтэй нэгэн. Тийм ч учраас өглөө бүхнийг аз жаргалтай инээмсэглэлээр угтаж үдэш бүр нүүрэндээ мишээл тодруулан нойрсох гүнж. Аз жаргалын амтыг мэдэрч үзсэн болохоор энэ мэдрэмжийн төлөө би чадах бүхнээ, үгүй ээ чадахаасаа ч илүү ихийг зориулах болно. Би юунд ч шантрахгүй, юунд ч эмзэглэхгүй. Юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй юм. Тиймээс алдаа, бэрхшээл бүхэн намайг хурцалж, надад эрч хүч өгөх болно. Өнөөдрийг хамгийн үр дүнтэйгээр өнгөрөөх болно. Хамгийн үр дүнтэй, үр бүтээлтэй өдөр байх болно. Амжилтын хаалгыг нэгэнтээ татсан. Би боломжийг олж харсан. Одоо хэзээ ч, бүр хэзээ ч энэ хаалгаар эргээд гарахгүй. Дараа дараагийн хаалгыг нээх түлхүүрийг би олох л болно. Олоод эзэмшинэ. Түүгээр ч барахгүй тийм хаалгыг, тийм түлхүүрийг бүтээж бий болгох болно.