Хүмүүс амьдралынхаа мөн чанарыг танин мэдэхийн төлөө хичээж, олон үзэл бодол, урсгал чиглэлийг гаргасан бөгөөд хамтдаа философи хэмээн нэрлэсэн байдаг. Энэ бүхнээс судалж, оюуны ертөнцөд бүтээн бий болгосон бүхнийг нь эргэцүүлэн бодох тусам хүнийг зүгээр л бичнээс үүссэн амьтан гэж үзсэн Ч. Дарвины Хувьслын онол- д итгэх итгэл улам бүр багассаар байдаг.
Амьдралыг зүгээр нэг амьсгалах, идэх, уух, өмсөж зүүх төдийгөөр хязгаарлан бодох тусам өдөр хоног торох зүйлгүй хурдан өнгөрч эргээд дурсахад идэж уусан, өмсөж зүүсэн маань ч санаанд үлдэх нь юу л бол...
Нэгэн гүн ухаантнаас Гайхамшиг гэж юу вэ? хэмээн асуухад тэрээр инээмэглэн нар мандах, нар жаргах гэж хариулсан гэдэг. Үнэхээр ч дэлхий нарыг, сар дэлхийг олон мянган жил тойрсоор байна. Гэтэл нар урьдын адил илч гэрлээ хүн төрөлхтөнд түгээж, сансрын уудамд тоолшгүй олон гариг эрхэс өөр өөрийн замаар эмх замбараатай аялсаар л ... . Нарны аймгийн гаригууд аяллын замаа өчүүхэн төдий л өөрчлөх аваас энэ дэлхий аюулд учрана гэдгийг та бид мэдэж байгаа. Дэлхий тэнхлэгээ эргэх хугацаагаа хэдэн минутаар л өөрчлөхөд бид амьдрах боломжгүй болно гэдэг. Гэсэн хэдий ч он удаан жилийн турш өсөн үржсээр олон тэрбумуулаа дэлхий дээрээ өнөөдрийг хүртэл эсэн мэнд амьдарсаар байна. Тийм атал өдий хир бид амьдрал гэгчийн үнэ цэнийг ухаарахгүй л усан дунд хөвөх өвс мэт явна.
"Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл" хэмээн Английн зохиолч Бернард Шоу хэлсэн байдаг ажээ. Амьдрал гэдэг өдөр хоногийг амьсгалан өнгөрөөхийн нэр биш, харин өөртөө буй бүхий л боломжийг хамгийн сайнаар ашиглахыг хэлнэ. Хорвоод хүн болон төрж, зовлон ба жаргалын мөн чанарыг хайн амьдрах нь ертөнцийг гайхамшиг гэж нэрлэгдсэн барилга, гүүр, цамхаг, хэрэм, хэдэн саяараа үйлдвэрлэгддэг Бенз, Хаммер зэрэг машинаас хавьгүй илүү гайхамшигтай билээ. Амьдралын гайхамшигт чанарыг ухаарсан нэгэн багшийн тухай энд өгүүлье. Тэр багш бүхий л зүйлийг гайхамшигтай хэмээн хэлдэг бөгөөд оюутнууд нь түүнийг гайхамшигтан гэж хочилдог байлаа. Нэг удаа багш хичээлээ заахаар ирж явах замд нь машин нь эвдэрчээ. Хэдийгээр аадар цутгаж байсан ч тэрээр оюутнууд руугаа яаран гүйсээр ангид оров. Оюутнууд хоорондоо харц солилцон инээлдэж, одоо гайхамшигтай гэж хэлэхийг нь харах юмсан гэсэн байдалтай жиг жуг хийлцэж байв.
Багш ширээний ард очоод: "Бүх өдөр ийм байдаггүй нь ямар гайхамшигтай вэ? " гэж хэлээд хичээлдээ оржээ.
Энэ багш нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр бүх зүйлийг өөдрөгөөр харж сурсныг бид харж байна.
Амьдрал хэмээх зүйлийн мөн чанарыг тайлах олон оролдлого, түүнээс гарсан олон шийдэл байдаг хэдий ч бид амьдралыг өөдрөгөөр харж, өөдрөгөөр сэтгэж сурснаар өөрийн амьдралынхаа утга учрыг тайлах нэгэн түлхүүрийг оллоо гэсэн үг юм. Өөдрөг сэтгэхүйг зуршил болгож чадсанаар амьдрах хугацаандаа эрч хүчтэйгээр ихийг хийж бүтээх идэвхи таны сэтгэл, зүрхэнд бий болно.
Харамсалтай нь дэлхийн иргэн бид 6 тэрбумуулаа өөдрөг сэтгэхгүйтэй гэж хэлвэл үнэнээс хол зөрнө. Бидний зөвхөн 15% нь амьдралынхаа зоригыг ухаарч, өөдрөг идэвхитэй амьдардаг бол 20% нь дээрх хүмүүсийг шүүмжилж, үлдсэн 65 гаруй хувь нь энэ тухай бодох ч үгүй зөвхөн хоолныхоо төлөө амьдардаг гэсэн судалгаа байдаг байна. Магадгүй жаахан дэгсдүүлсэн байж болох талтай ч бодож үзэх асуудлын нэг гэдэгтэй та санал нийлж байна уу?
Л. Оюун- Эрдэнэ "Алсын хараа" хоёр дахь хэвлэлээс