Thursday, August 25, 2011

8-р сарын 20 Зурвас

         Ажилд орох хэд хэдэн бүтэлгүй оролдлого минь азаар дуусаж 6 хоногийн өмнө шинэхэн ажилд дадлагажихаар орлоо.
         Ажлын 5 өдөр ажилтайгаа танилцаж, ийш тийшээ гүйж, юм юм сурах гэж гүйсээр их л сайхан, бас хурдан  өнгөрлөө. Загнуулахдаа хүртэл буруу ойлгосон юмаа зөв болгон засч авч байгаадаа баярлаж, өдрөөс өдөрт мэдлэг, ур чадвар, хурд, бүтээмжээ нэмэгдүүлж, илүү их юм сурч мэдэхийг зорьж байсан учраас өнгөрсөн 5 хоног их хурдан, бас сайхан өнгөрсөн мэт санагдаж байгаа хэрэг болов уу. 
          Хагас сайн өдөр ажиллладаг болохоор яаран сандран хоцорчих шахаад гүйж орж иртэл харин энд PC тоглоомын газар ажиллаж байх юм. Хагас сайн өдөр амралтын өдөр боловч ажилладаг, харин амралтын өдөр боловч үйлчлүүлэгч бага байдаг болохоор хийх ажил бараг л байдаггүй юм байна. Шинэхэн хамт олон маань ээлж дараалан цуварсаар орж ирэхдээ "         Хүндэт PC тоглоомчид сайн уу? Өнөөдөр чинь тоглоомын өдөр биз дээ" хэмээн орилох л халаггүй л орж ирцгээхэд юу болоод байгааг төдийлөн сайн ухаарсангүй. Ажиллах үедээ дорвитойхон шиг ажиллачихдаг, харин амралтын өдөр ажил дээрээ амарчихдаг хамт олныг ажил амралтаа сайхан зохицуулдаг юм байна даа гэж хэлэхэд буруудах эсэхийг сайн мэдэхгүй л байна. Салбарын менежер маань утсаар ярихдаа "PC тоглоомын газраар сонин юмгүй дээ " гэж хэлэхийг сонсоход үнэхээр энэ байдал удаан үргэлжилсэн, бас бүгд л ижил дасал болчихсон болохыг ойлгов... .

Нарлаг өглөөний мэнд

     Нар буцсан өдрөөс хойш өглөөний нар хойшилсоор одоо бүр 7 өнгөрч байх үед л манддаг болжээ. Намрын урь орж байгаа бололтой гадаа бага зэрэг сэрүүн байдаг болж.
     Зуны 2 сарын турш гэртээ хэвтэхдээ 10 цаг хүртэл унтаж өглөөний нарны мэндчилэн мишээхийг харахгүй зуны халууныг гайхан гасалдаг байж билээ. Нээх эртний түүх ярьж байгаа хүн шиг л байж билээ эдр гээд байх бас хаашаа ч юм. За тэр ч яахав. Зун юм чинь халууцалгүй л яахав, тэхдээ бас арга ч үгүй шүү дээ. Нар дээр гартал илжиртлээ унтаж байсан юм чинь арга ч үгүй биз дээ.
     Шинэхэн өглөө надтай нүүр тулан мэндчилж харин би өглөөний нартай уралдан ажлынхаа
 өрөөнд яаран орж ирэхэд цонхны цаанаас нар аанай л нэг тайвнаар гэрэлтэж "Чи намайг гүйцнэ гэж бодоо юу? Би олон олон жил хорвоо дэлхийг гэрэлтүүлсэн нар шүү дээ. Надтай уралдахынхаа оронд надад хүслээ шивнээч, би чин сэтгэлээсээ залбирсан бүгдийн хүслийг анхааралтай сонсдог юм" гэж хэлж байх шиг санагдлаа. Өрөөний андууд маань ирээгүй байсан учраас нартай хоёулхнаа байгаа боломжийг ашиглан "Би ажилдаа маш их хайртай, би хүсч байсан ажилдаа орсондоо үнэхээр баяртай байна. Би өөрт оногдсон даалгавраа чин сэтгэлээсээ маш чанартай хийж байгууллагадаа хувь нэмэр оруулмаар байна. Би ажлаа 110 хувь хийхийг хүсч байна. Би чадна, би заавал хийнэ, би хийх ёстой, би хамгийн сайн нь байх ёстой" гэж шивнэлээ.
     Үүний дараа надад өөртөө, хорвоо дэлхийд, өглөөний энэ сайхан агаарт, эх орондоо, эцэг эхдээ, ажилдаа, хамт олондоо гээд байгаа бүхэндээ баярлан талархах сэтгэл төрөв. Өглөө бүрийг инээмсэглэлээр, талархлаар, аз жаргал, баяр баяслаар угтах ямар гайхамшигтай вэ? Тийм биш гэж үү?