Хар нүд хуу татав уу үгүй юу ажлын ярилцлаганд орох тухай бодож эхэллээ. Анкет маань шаардлага хангаж хүсэлт гаргасан компанидаа дуудагдан очоод англи хэл, IQ-ийн тест өгч түүндээ тэнцсэн хариу сонсоод ажилдаа орчихсон мэт баярласныг минь яана. Харин одоо дараагийн шат буюу ярилцлаганд орохоор явах тул хэзээ ч боож үзээгүй үсээ бүгдийг нь хойш нь шуугаад, хослол өмч, бэлдэж байсан хэдэн үгээ уншлага мэт амандаа бувтнасаар гарч одлоо.
Оюутан байхдаа улирлын эцсийн шалгалт өгөхөөр явахдаа догдолж, түгшдэг байсантай яг ижилхэн мэдрэмж төрөхөд шалгалтыг дандаа л амжилттай даваад гарчихдаг байснаа санаж, энэ ярилцлагыг ч мөн адил хөнгөхөөн даваад гарчих юм шиг санагдаж сэтгэл амрав. Тэр ч бүү хэл автобусан дотор нам унчихсаныг бодоход тэрүүхэн бодолд миний сэтгэл хичнээн их амарсныг гэрчилнэ. Хэдий тийм ч зорьсон газраа унтаагаараа өнгөрөөчихсөнгүй, гэнэт сэрээд суудлаасаа огло харайн босч автобусны хаалгаар гарч орч буй хүмүүсийг хамж хуйлруулж хараал ерөөлийг нь урсгаж байж нэг юм буулаа.
Чухал ярилцлаганд орохоор явж байгаагаа мэдсээр байж автобусанд унтаж буудлаа өнгөрөөх шахсан хэнэггүй зан гаргаж байгаадаа өөрөөрөө бахархах сэтгэл төрөх нь хачирхалтай. Өнөө үед залуучуудын дунд "хайнга" хэмээх зан "моод" болоод байгааг дуурайхчаа алдчаад юундаа тэгж баярласан юм бол. Хайнга зангийн талаар хүмүүсийн бодол ялгаатай болжээ. Сонгодог утгаар нь эцэг эх, өвөө эмээгийн маань амьдарч байсан нийгэмд ойлгодог байсан мэт санагдах юм. Харин өнөөгийн зарим залуусын хувьд хайнга охин эршүүд мэт харагдаж ингэж харагдахыг нууцхан хүсч явдаг бусад охидын атаархлыг хөдөлгөнө. Хайнга залуус охидод тоогдох, араасаа гүйлгэх нь тарнидуулсан аятай хачирхалтай харагдана.
Өөрийгөө тодорхойлооч, гэхэд "би ер нь хайнгадуу талдаа зантай хүндээ " гэж залуусын хамтлагийн нэгэн гишүүн хэлэхэд надад таалагдсаныг яана...Энэ зан үнэхээр биднийг хүссэн зүйлд минь хүргэж, зорилгодоо хүрэхээр тэмцэж буй залууст эрч хүч өгөх сайн чанар мөн үү?
Шал авцалдаагүй сонсогдож байгаа биз дээ. Гэтэл ийм хэрэггүй занд би юунд нь тэмүүлээ юм бол? Миний үйл хөдлөл, үг яриа ч их сургуульд элсэж байсныгаа бодвол шал өөр болсон санагдах юм. Шал авцалдаагүй гэж юу гэсэн хэл вэ гэж хэл шинжээчид гайхах байсан байх даа.
Өөлвөл их олон илүүдсэн зан, үг хэллэг гарахаар иймэрхүү нэгэн шинэхэн төгсөгч ажлын ярилцлагад 2 дахь удаагаа явж байгаа нь энэ.
Хотын төвийн өндөр цамхагт 2 дахь удаагаа л орж байгаа минь энэ боловч хэзээ хэзээний ажилтан нь болсон юм шиг явсаар ярилцлагын өрөөний хаалгыг татан орлоо...
... Юу юугүй давсаг хагарахаа шахан өрөөнөөс гарангуут 00 зүглэн хурдаллаа. Ядаж биеэ засаад ярилцлагадаа орж болох л байсан боловч хувийн зохион байгуулалт мууг минь энэ явдал илтгэлээ.
Ярилцлагын хариуг маргааш утсаар хэлнэ гэсэн болохоор хээв нэг алхсаар нүсэр барилгыг орхин одлоо.
Гэртээ ирэв. Эгч маань хүргэн ахтай ирчихсэн үдийн хоолоо идэцгээж байв. Нэг их ажил бүтээчхээд ирсэн хүн шиг хоол нэхэж идчихээд унтаад өгөв.
Утас хангинах чимээнээр сэрлээ. Хэн байдаг билээ хэмээн төвөгшөөсөн янзтай бодоод ногоон товчлуурыг дарж чихэндээ ойртуулан бааййна уууу? хэмээн сунжруулаад араас нь нэг эвшээлээ.
Гэтэл утасны цаанаас "ярилцлагын хариу гарсан байна" гэхэд догдлохчоон аядлаа. Хүний нөөцийн ажилтан цааш нь "уучлаарай, танд татгалзсан хариу өгсөн байна " гэж хэлэхэд дотор арзайгаад, хөл гуйваад явчихлаа. Тэрүүхэн тэндээ л тэртээ тэргүй тэнцэнэ, надаас олигтой хүн байгаагүй гэж бодож бардамнаж байсныг минь яана. Хамт шалгагдаж байсан залуусаа ингэж басч, үл тоох занг надад хэн заав?
Оройжин унжийж урвайсан амьтан оройн хоолоо ч идсэнүй.
Оройжин унжийж урвайсан амьтан оройн хоолоо ч идсэнүй.
Шөнө 1 2 хүртэл мэссэнжэрдэж байгаад унтдаг хүн 10 цаг болоогүй байхад л орондоо орлоо. Нойр хүрэх юм биш, тэгдэг байж, ингэдэг байж, тэрийг хэлэх хэрэггүй байсан юм, миний оронд хэн орсон бол гэсэн бодлууд л толгойд эргэлдсээр байлаа. Яг бүтэн цаг өнгөрч зөөлөн дэрэн дээр толгойгоо тавьж дулаан хөнжилд тухлан хэвтсэнээс болж нүд нэг хоёр анилдсаар зүүрмэглэхээр нь "ашгүй, нойр хүрч байна " гэж бодоод нүдээ анин хэвтэв.
Гэнэт нэг бодол, нэг ч биш нэг хэсэг бодол толгойд зурсхийн орж ирлээ. 10н жилийн сурагч байсан үе, багш нарт магтуулж, олимпиад бүхнээс тэргүүн байрыг авдаг байсан үе, найз нөхөддөө чин сэтгэлээсээ тусалдаг, хариуцлагатай сурагч байсан үе, түүний хажуугаар нь их сургуулийн 1 2 3 4р курсуудад яаж сурч байсан өнгө будагтайгаар нүдэнд харагдлаа. Оюутан насны амьдрал сурагч байсан үеийнхээс тэс өөр, бүр эсрэгээр өнгөрсөн болохыг, сурагч үеийн төлөвшлөө оюутны ширээнд гээсэн болохоо мэдлээ. Зэрэгцэн сурч байсан оюутан нөхөд маань урагшилж амьдралдаа нэг алхам урагшилсан байхад би 4 алхам ухарсан мэт санагдаж, энэ бодлоос цаашлан олон янзын асуулт өмнө минь гарч ирэв. Би яг хэн юм бэ? Би юу хийж бүтээв? Юу сурав? Би хэн болж хувирсан юм бэ? Би одоо яах ёстой вэ? ...