Saturday, August 6, 2011

Та өөрийнхөө хүсч байгаа зүйлд сайн сайхныг хүс.

    "Дэлхий дээрх баян хүмүүсийн 98 хувь нь шударга бус аргаар мөнгө олж баяжсан" гэсэн үгийг хэдэн арван удаа сонсож, тэр үгэнд гарцаагүй итгэгчдийн нэг нь би байлаа. Өнгөрсөн цаг дээр хэлж байгаагийн учир нь саяхнаас энэ тухай тэс өөр ойлголтыг сонсож, түүндээ  итгэх болсонтой минь холбоотой юм.
    Би баячуудад үнэхээр дургүй, тэднийг үзэн яддаг байлаа. Гэр бүлийнхэн, тэр ч бүү хэл багш нарын маань ярианд хүртэл баян хүмүүст дургүйцсэн өнгө аяс харагдана. Зүгээр л нэг толгой баяны нэр хэлж тийм газар тэгж аялсан гэнэ гээд хэлчихвэл муу баячууд...татвар төлөгчдийн мөнгөөр....гоо сайхны сарын хэрэглээ нь сая төгрөгөөс даваадл явчихдаг..... дарарарарара... гээл явчихна.
    Яг үнэн хэрэгтээ бол би ч юмуу Дорж, Дулмаа, Долгор хэн байлаа ч гэсэн ядуу амьдралынхаа бурууг хэн нэгэнд, ямар нэгэн зүйлд тохох зорилготой ч бай, үнэхээр ядуу байдалд нь баячууд буруутай ч байлаа гэсэн баян хүнийг муулснаараа би баяжихгүй нь тодорхой шүү дээ. Тэгэхээр тэгж хамаг энерги, эрч хүч, оюун санаагаа тийм зүйлд барж, нээрэвтээд хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Түүний  оронд ганц нэг үг цээжлээд сууж байвал надад хэрэг болж юуны магад.
     Ядуу хүмүүс бусад хүмүүсийн амжилтыг голдуу дургүйцсэн, атаархсан, хорссон байдлаар ханддаг нь тэдний (бас миний ч ) ядуу байгаагийн нэг шалтгаан байж болох юм. (Бүгд ингэж боддоггүй л байх л даа. Гэхдээ ихэнхи ядуу хүмүүс ингэж боддог гэдэгт би итгэлтэй байна.)      Үнэндээ үүнийг зарим нэг баян хүмүүс батлаад байгаа юм л даа. (Зарим нэг баян хүмүүс гэдэг нь Харв Экерийг хэлж байгаа  юм. ) Түүнийхээр ядуус бид БАЯН ХҮМҮҮС АЗТАЙ ЮМ гэж ярих боловч аман дотроо ТЭНЭГ ЮМНУУД гэж бувтнадаг. Хэрвээ та баян хүмүүсийн ямар нэгэн байдлаар муу гэж боддог бөгөөд сайн хүн байхыг хүсдэг бол хэзээ ч баяжиж чадахгүй. Учир нь та сайн хүн байхыг хүсдэг, харин баячууд муу хүмүүс байдаг. Тэгэхээр та баян  болчихвол муу хүний тоонд орчихно. Ийм юм гэж юу байхав дээ гэж бодож байж ч болох юм.   Гэвч таныг хүссэн хүсээгүй дотоод ухамсар тань сайн хүн байхыг сонгосон таны хүслийг биелүүлэхийн тулд, муу хүн болгохгүйн тулд таны тааллаар болгож хүслийг тань биелүүлнэ. Та өөрийнхөө дургүй байдаг тийм хүмүүстэй адилхан болох боломжгүй шүү дээ.
    Баян хүмүүст дургүйцсэн бодлууд тань тэр хүний эд баялагийг танд аваад ирэхгүй, аз жаргал, хөрөнгө мөнгөнд нь ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин бодлын тань нөлөө танд ирнэ. Таны аз жаргал, эд баялагт шууд нөлөөлж та мөнгө олох боломжийг атгаад авсан бол эргээд алдчих ч юм билүү. Аливаа бодол, сэтгэгдэл гэдэг бидний санаанд орж ирэх нь сайн эсвэл муу зүйл биш боловч тэд хадгалагдаад үлдчихвэл бидний амьдрал болон амжилтанд нөлөөлдөг болохыг санаж өөрийн бодлыг хянах хэрэгтэй. Миний амьдралдаа мөрдлөгө болгоод удаагүй байгаа нэгэн үг байдаг юм. Бодол мэдрэмжийг төрүүлж, мэдрэмж үйл хөдлөлд хөтлөн, үйл хөдлөл үр дүнг авчирдаг. Тэгэхээр өөрийнхөө хүсээгүй зүйлийг бодох тусам танд үүнтэй холбоотой таагүй мэдрэмжүүд бий болж, мэдрэмж тань таны үйл хөдлөлийг тодорхойлох болно. Ингээд л үйл хөдлөл тань биежин үр дүнг авчирдаг. Үүнд би гарцаагүй итгэдэг.
    Баян хүмүүс шударга байна уу, шударга бус байна уу энд чухалд тавиад байх хэрэггүй. Харин асуудлын гол нь тэд баян байна, бид ядуу байна гэдэгт л байгаа юм. Баячууд шударга ч бай, шударга бус ч бай тэдний тухай муу зүйл бодохгүй, хэн нэгэнтэй тэднийг муулж хов жив ярихгүй л байвал болоо шүү дээ. Тэгээд л үүнийгээ зуршил болгочих, баян хүмүүсийг хүндэлж, зөвөөр ойлгохыг хичээгээд, үүнийгээ дахин давтаад байх юм бол зуршил болчихно. Ингээд л танд саятны сэтгэхүйн нэг файл суулгагдлаа гэсэн үг.
   Та өөрийнхөө хүсч байгаа зүйлд сайн сайхныг хүс.   Хэрвээ та сайхан байшинтай хүнтэй таарвал тэр байшинд нь сайн сайхныг хүс, та сайхан гэр бүлтэй хүн харах юм бол түүний гэр бүлд сайн сайхныг хүс, хэрвээ сайхан биетэй хүнтэй таарах юм бол тэр хүнд болон түүний биенд сайн сайхныг хүс,
Үүний утга нь та баян хүний эдэлж хэрэглэж, эзэмшиж байгаа зүйлд дургүйцэх юм бол хэзээ ч өөрөө тийм зүйлтэй болж чадахгүй.
Амжилт хүсье.

No comments:

Post a Comment