Tuesday, September 27, 2011

Анхны цас

2011 оны 9-р сарын 28.
Цаг хугацаа харван өнгөрөх мөч бүрийг анзаарч өнгөрөөдөггүй ч гэлээ дөрвөн улирал ээлжлэн солигдох мөчийг илэрхийлэх мэт хаврын яргуй, зуны бороо, намрын навчис, өвлийн цас... . Жил бүр л анхных хэмээн сэтгэл сэргэн догдлох бүрийд нэг насаар хөгширч байгаагаа мэдрэх юм. Басхүү жаргалтай. Жил бүр л амжилтын уул өөд мацаж буй тэмцэл минь илүү хүчтэй, илүү үр дүнтэй, бас ч илүү найдлагатай болж байгааг мэдрэх хичнээн таатай. Ажлын гараагаа хэдийн эхэлсэн, сайхан хамт олны дунд ажиллаж байгаа минь надад өдөр бүр баярлаж, талархах сэтгэл төрүүлдэг боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа минь хааяа таагүй мэт бодогдох юм. Гэхдээ тайтгарах зүйл бас бий. Надад энэ мэргэжил ч ялгаагүй хэрэгтэй учраас, нэг зүйлээ гүнзгий сайн мэддэг байх нь чухал боловч энэ талын мэдлэг надад илүүдэхгүй, хойшид бизнес эрхлэх л учраас... .
Өнгөрсөн 4 өвөл өглөө бүр хайртай залуу маань намайг даарах вий хэмээн сэтгэл нь зовж өглөө хүргэж өгч, орой тосч авдаг байж билээ. Харин энэ өглөө хорвоо дэлхий нэг л хоосон... . Өдөр өдрийн ажилдаа түүртэж ганцаардах сөхөө ч үгүй явсан мэт санагдах боловч үүнийг ойлгох нэгэн үгүй. Яахав дээ, амьдрал л юм хойно маргалдах зүйл байлгүй л яахав. Гэхдээ итгэл гэдэг бүх зүйл бололтой. Үнэхэээр чанартай сайн гэдэгт нь итгэж байж л машин худалдаж авдаг. Үнэхээр хэрэгтэй гэж итгэсэн зүйлдээ л хөрөнгө оруулдаг, үнэхээр ашигтай, хийж чадна гэж итгэсэн бизнесээ л зориглон эхлүүлдэг. Үнэхээр сайн бүсгүй хэмээн итгэсэн учраас л хамт амьдарыг хүсдэг. 
Хэрэв итгэлээ алдвал яах билээ? Хэлж ярьж байгаа зүйлд нь огт итгэхгүй байвал яах билээ? Яасан ч, бүр яаж ч байсан худлаа яриад байгаа юм шиг санагдаад байвал яахуу? Үнэхээр худал ярьж байгаа хэмээн итгэсэн учраас итгэхээ  байсан гэж үү? Би бүх зүйлд бууж өгөх хэрэгтэй, тийм үү? 
Үнэндээ миний хүсэл, миний сэтгэл, миний бодол, би өөрөө ч хүртэл өөрийнхөө бодож байгаагаас тэс өөр хүн бололтой. Би нэг л төвдөхгүй юм. Хүнд хүсэл, сэтгэл, бодол, ухаан бий. Бүгд өөр өөр тийшээ тэмүүлээд байх юм. Алийг нь дагахаа мэдэхгүй юм. Би алийг нь ч дагахгүй түүнийг дагаад л хэлсэн бүхнийг нь хийж хийсэн бүхнийг нь харж амьдрах ёстой байх. Гэтэл надад үүнийг хийх сэтгэл байгаа үгүйг ч сайн мэдэхгүй байхад бас л яах билээ? Эцсийн эцэст сэтгэл бүхнийг шийддэг юм болов уу?
Хэн ч ойлгохгүй шал хэрэггүй юм биччихвүү дээ. За хүн эхлүүлээд л уншихгүй хаяна биз дээ. Гэвч миний сэтгэл дотор үүнтэй төстэй түмэн бодол нуугдана.

No comments:

Post a Comment