Monday, August 1, 2011

Өөдрөг байхын тус

    Хүмүүс амьдралынхаа мөн чанарыг танин мэдэхийн төлөө хичээж, олон үзэл бодол, урсгал чиглэлийг гаргасан бөгөөд хамтдаа философи хэмээн нэрлэсэн байдаг. Энэ бүхнээс судалж, оюуны ертөнцөд бүтээн бий болгосон бүхнийг нь эргэцүүлэн бодох тусам хүнийг зүгээр л бичнээс үүссэн амьтан гэж үзсэн Ч. Дарвины Хувьслын онол- д  итгэх итгэл улам бүр багассаар байдаг.
Амьдралыг зүгээр нэг амьсгалах, идэх, уух, өмсөж зүүх төдийгөөр хязгаарлан бодох тусам өдөр хоног торох зүйлгүй хурдан өнгөрч эргээд дурсахад идэж уусан, өмсөж зүүсэн маань ч санаанд үлдэх нь юу л бол...
Нэгэн гүн ухаантнаас Гайхамшиг гэж юу вэ? хэмээн асуухад тэрээр инээмэглэн нар мандах, нар жаргах гэж хариулсан гэдэг. Үнэхээр ч дэлхий нарыг, сар дэлхийг олон мянган жил тойрсоор байна. Гэтэл нар урьдын адил илч гэрлээ хүн төрөлхтөнд түгээж, сансрын уудамд тоолшгүй олон гариг эрхэс өөр өөрийн замаар эмх замбараатай аялсаар л ... . Нарны аймгийн гаригууд аяллын замаа өчүүхэн төдий л өөрчлөх аваас энэ дэлхий аюулд учрана гэдгийг та бид мэдэж байгаа. Дэлхий тэнхлэгээ эргэх хугацаагаа хэдэн минутаар л өөрчлөхөд бид амьдрах боломжгүй болно гэдэг. Гэсэн хэдий ч он удаан жилийн турш өсөн үржсээр олон тэрбумуулаа дэлхий дээрээ өнөөдрийг хүртэл эсэн мэнд амьдарсаар байна. Тийм атал өдий хир бид амьдрал гэгчийн үнэ цэнийг ухаарахгүй л усан дунд хөвөх өвс мэт явна.
    "Амьдрал бол урсан өнгөрч буй  лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл" хэмээн Английн зохиолч Бернард Шоу хэлсэн байдаг ажээ. Амьдрал гэдэг өдөр хоногийг амьсгалан өнгөрөөхийн нэр биш, харин өөртөө буй бүхий л боломжийг хамгийн сайнаар ашиглахыг хэлнэ. Хорвоод хүн болон төрж, зовлон ба жаргалын мөн чанарыг хайн амьдрах нь ертөнцийг гайхамшиг гэж нэрлэгдсэн барилга, гүүр, цамхаг, хэрэм, хэдэн саяараа үйлдвэрлэгддэг  Бенз, Хаммер зэрэг  машинаас хавьгүй илүү гайхамшигтай билээ. Амьдралын гайхамшигт чанарыг ухаарсан нэгэн багшийн тухай энд өгүүлье. Тэр багш бүхий л зүйлийг гайхамшигтай хэмээн хэлдэг бөгөөд оюутнууд нь түүнийг гайхамшигтан гэж хочилдог байлаа. Нэг удаа багш хичээлээ заахаар ирж явах замд нь  машин нь эвдэрчээ. Хэдийгээр аадар цутгаж байсан ч тэрээр оюутнууд руугаа яаран гүйсээр ангид оров. Оюутнууд хоорондоо харц солилцон инээлдэж, одоо гайхамшигтай гэж хэлэхийг нь харах юмсан гэсэн байдалтай жиг жуг хийлцэж байв.
Багш ширээний ард очоод: "Бүх өдөр ийм байдаггүй нь ямар гайхамшигтай вэ? " гэж хэлээд хичээлдээ оржээ.
Энэ багш нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр бүх зүйлийг өөдрөгөөр харж сурсныг бид харж байна.
    Амьдрал хэмээх зүйлийн мөн чанарыг тайлах олон оролдлого, түүнээс гарсан олон шийдэл байдаг хэдий  ч бид амьдралыг өөдрөгөөр харж, өөдрөгөөр сэтгэж сурснаар өөрийн амьдралынхаа утга учрыг тайлах нэгэн түлхүүрийг оллоо гэсэн үг юм. Өөдрөг сэтгэхүйг зуршил болгож чадсанаар амьдрах хугацаандаа эрч хүчтэйгээр ихийг хийж бүтээх идэвхи таны сэтгэл, зүрхэнд бий болно.
    Харамсалтай нь дэлхийн иргэн бид 6 тэрбумуулаа өөдрөг сэтгэхгүйтэй гэж хэлвэл үнэнээс хол зөрнө. Бидний зөвхөн 15% нь амьдралынхаа зоригыг ухаарч, өөдрөг идэвхитэй амьдардаг бол 20% нь дээрх хүмүүсийг шүүмжилж, үлдсэн 65 гаруй хувь нь энэ тухай бодох ч үгүй зөвхөн хоолныхоо төлөө амьдардаг гэсэн судалгаа байдаг байна. Магадгүй жаахан дэгсдүүлсэн байж болох талтай ч бодож үзэх асуудлын нэг гэдэгтэй та санал нийлж байна уу?

Л. Оюун- Эрдэнэ "Алсын хараа" хоёр дахь хэвлэлээс

Saturday, July 30, 2011

Бид яагаад ядуу байдаг вэ?

    Хэд хоногийн өмнө ажилд орох оролдлогынхоо нэг нь болгож нэгэн танилынхаа ятгалгаар үнэгүй сургалтанд суулаа. Сургалт удирдагч залуу 27 настай хирнээ жилийн орлого нь 73 сая төгрөгт хүрсэн болохыг хэлж биднийг ч бас 4 сарын дотор ийм орлоготой болгоно хэмээн амлаж зогсоно. Монгол Улс ядуу байгаа шалтгаан нь юу гээч? Бид ядуу байгаа болохоор Монгол Улс ядуу байгаа юм хэмээн итгэлтэйгээр өгүүлэх тэр залуу цугласан олны хүндэтгэлийг хүлээж алга ташилтыг 5 минут тутамд авч байлаа.
    Үнэхээр би ядуу байгаа учраас Монгол улс ядуу байгаа гэж үү? Монголчуудын хэдэн хувь нь ядуу буурай амьдардаг болохыг хэлсэн хэлээгүй хүн бүхэн мэдэж байгаа. Харин энэ ямар шалтгаантай болохыг та магадгүй бодож үзсэн байх. Миний хувьд энэ бодол Харв Экер хэмээх нэгэн бизнесмэний бичсэн номыг уншсанаас хойш төрсөн төдийгүй хэд хэдэн зүйлийг эргэцүүлэн бодоход хүрсэн юм.
    Тэгвэл бид яагаад ядуу байдаг вэ? Үүнд Монгол Улс ядуу учраас бид ядуу байна хэмээн хариулвал өөрийнхөө ядуу байгааг  өөр зүйл рүү чихэх гэсэн бүтэлгүй оролдлого болж хувирч магадгүй.
   Дээр дурдсан зохиогч Харв Экер "Саятны сэтгэлгээний нууц" номондоо энэ асуудлыг хөнджээ. Түүнийхээр бол ядуус болон баячуудын хооронд сэтгэлгээний хэв маяг өөр байдаг учраас ядуус ядуурсаар баячууд баяжсаар байдаг аж. Уг номонд өгүүлсэн баян болон ядуу хүмүүний сэтгэлгээний нэгэн ялгааг энд авч үзсэнээр ядуу байгаагийнхаа шалтгааныг тайлахыг оролдлоо.
Тал аягатай усыг хараад хэрхэн сэтгэхээс таны баян хүн үү ядуу хүн үү гэдгийг таах боломж байна. Ядуу хүн аяганы тал нь хоосон байна гэж хардаг бол баян сэтгэлгээтэй хүн аяганы тал нь дүүрэн байна гэсэн өөдрөг сэтгэхүйгээр хардаг аж.  Гэхдээ энэ эерэг сэтгэхүйн талаар биш дэлхий ертөнцийг харах зуршилтай илүү холбогдсон байх юм. Ингэж нэгэн зүйлийг ялгаатай байдлаар харж байгааг хэрхэн тайлбарлаж болох вэ? Үүний хариултыг нэг  үгээр хэлэхэд баян хүмүүс боломжин дээр анхаарлаа төвлөрүүлдэг бол ядуу хүмүүс бэрхшээл дээр анхаарлаа төвлөрүүлдэг гэж хэлж болно.
   Ядуу хүмүүсийн байнгын бодолд "Хэрвээ бүтэхгүй бол яах вэ?" эсвэл үүнээс дор "Энэ бүтэхгүй байх " гэсэн бодлууд дүүрэн байдаг. Дунд давхаргын хүмүүс харин арай дээр боловч бас л өөртөө итгэлтэй биш байдлаар "Энэ бүтнэ гэж найдаж байна " гэсэн өнцгөөс ажилладаг. Баян хүмүүс бол "Би үүнийг хэрэгжүүлэх учраас бүтнэ " гэсэн бодлоор асуудалд ханддаг. Өөрөөр хэлбэл баян хүмүүс амжилтыг бүтээдэг. Тэд өөрсдийн чадвар, өөрсдийн бүтээлч байдалд итгэдэг бөгөөд ямар нэгэн зүйл бүтэхгүй байх тохиолдолд амжилтанд хүрэх өөр арга замыг олж чадна гэж итгэдэг.
    Ер нь бол аливаа зүйлийг үр ашиг их байх тусам эрсдэл нь их байдаг. Баян хүмүүс үргэлж боломжийг олж хардаг учраас эрсдэл хүлээхэд бэлэн байдаг. Баян хүмүүс хамгийн муу зүйл тохиолдсон ч гэсэн үргэлж мөнгөө эргүүлэн олж авч чадна гэдэгтээ итгэдэг.
    Харин ядуу хүмүүс бүтэлгүйтлийг хүлээсээр байдгаа өөрөө ч мэддэггүй. Тэд өөрсдөдөө болон өөрсдийнхөө чадварт итгэдэггүй. Ядуу хүмүүс аливаа зүйл бүтэлгүйтвэл сүйрэх юм шиг боддог. Тэд үргэлж саад бэрхшээлийг харж байдаг учраас эрсдэл хүлээхийг хүсдэггүй. Ер нь бол эрсдэлгүй үр ашиг гэж хаана байхав дээ. Баян хүмүүс боломжийг олж харж, түүнийг бүтээдэг ядуу хүн боломжийг хүлээдэг. Түүгээр ч барахгүй боломж гарах үед бэлэн байна гэж хэлдэг хэдий ч тэдний хийдэг зүйл ихэнидээ хойшлуулах явдал байдаг. Тэд үхтлээ айж, 7 хоног, сар, бүр жилээр эргэлздэг бөгөөд тэр үед боломж нь аль хэдийн алга болчихсон байдаг. Тэгээд тэд "Би хийхэд бэлэн болчихсон байсан" гэж нөхцөл байдлыг цайруулдаг. Тэд бэлэн болж байх хооронд баян хүн аль хэдийн хийж дуусгачихаад өөр зүйл хийж эхэлсэн байдаг.

Үргэлжлэл бий...

Т. Харв Экер "Саятны сэтгэлгээний нууц " УБ.,2008 94-101р тал

Оюутнуудаа өмөөрч бичсэн шүлэг

 

Оюутнуудыг та нар хааяа ч болов өршөө
Орхиод явчихаас нь өмнө залуу насны жаргал эдлүүл ээ
Оюутнууд чинь үгүй бол сургуулийн чинь зай эзгүйрнэ
Овсгоот оюутнууд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Онгироо оюутнууд чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Оюутнуудыг та нар хааяа ч болов өршөөж бай
Орхиод явчихаас нь өмнө залуу насны жаргал эдлүүл ээ
Дэвтэр номоо олохгүй сандчиж
Даруухан цүнхнээсээ балаа хайн маанагтаж
Дандаа ч бишдээ нойрмогхон ирэх д нь
Дарамталсан үгээр нүдэж урмыг нь битгий унтраа
Идэх юм горьдож лав ирээгүй шүү дээ наадах чинь
Эрдэм ном сурах гэж л тэр үлдсэн хэдэн минутад нь суулгачихаа
Оюутнуудыг та нар хааяа ч болов өршөө
Орхиод явчихаас нь өмнө залуу насны жаргал эдлүүл ээ
Халуун залуу явсан үеээ сана ялгаагүй шүү дээ тэд
Хайрын галзуу дурлалд шатаж байснаа сана ялгаагүй шүү дээ тэд
Өөрийг чинь багш болгосон эрдэм номны хайгуулчид шүү дээ
Сургуулийн чинь царай болсон оюунтанууд шүү дээ
Хичнээн жил сурахыг нь мэдэж болдоггүй орчлонд
Хэд гурван жилээр төгсөөд явахыг нь хэн мэдэх бэ
Хазайсан газар нь тэдэнд хэдэн нөхөд нь тус болдог юм
Хальтарч сандарч явахад нь каноны эгч дэм болдог юм
Ухаантай юм гэж дандаа битгий давар
Урам нь хугархаар олиггүй болж мэднэ
Ирээдүй минь гэж битгий дандаа битгий магт
Иргүй ухна шиг эргээд явчихдаг юм
Ихийг мөрөөдсөн урмыг нь хугалчихвал
Иртэй өрөм шиг уруугаа ороод ухчихдаг юм
Оюутнуудыг та нар хааяа ч болов өршөө
Орхиод явчихаас нь өмнө залуу насны жаргал эдлүүл ээ
Должи габанна гоёлтой
Дээрээ ирээдүйн бодолтой
Нөхөдийнхөө дэргэд цовоожиж
Багшийнхаа харцанд томоождог
Дотно хүнийхээ харцанд нялхарсан оюутнуудыг
Доктор профессорууд минь өршөө
Олон олон багш та нараасаа
Олон олон сургуулийн оюутнуудыг
Өмөөрч бичсэн шүлгийг минь тунгаа
Өөрийн минь биеийг битгий тоо
Оюутнууд чинь үгүй бол сургуулийн чинь зай эзгүйрнэ
Овсгоот оюутнууд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Оюутнууд чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Оюутнуудыг та нар хааяа ч болов өршөөж бай
Орхиод явчихаас нь өмнө залуу насны жаргал эдлүүл ээ
  Энэ шүлэг нь миний бүтээл биш бөгөөд зохиогчийг нь мэдэхгүй болохоор нэмэлт тайлбар бичиж байна. Хэрвээ зохиогчийг нь мэддэг хүн байвал хэлж өгч туслаарай.

Monday, July 25, 2011

Өөдрөг өдрийн тэмдэглэл №1

Хар нүд хуу татав уу үгүй юу ажлын ярилцлаганд орох тухай бодож эхэллээ. Анкет маань шаардлага хангаж хүсэлт гаргасан компанидаа дуудагдан очоод англи хэл, IQ-ийн тест өгч түүндээ тэнцсэн хариу сонсоод ажилдаа орчихсон мэт баярласныг минь яана.  Харин одоо дараагийн шат буюу ярилцлаганд орохоор явах тул хэзээ ч боож үзээгүй үсээ бүгдийг нь хойш нь шуугаад, хослол өмч, бэлдэж байсан хэдэн үгээ уншлага мэт амандаа бувтнасаар гарч одлоо.
Оюутан байхдаа улирлын эцсийн шалгалт өгөхөөр явахдаа догдолж, түгшдэг байсантай яг ижилхэн мэдрэмж төрөхөд шалгалтыг дандаа л амжилттай даваад гарчихдаг байснаа санаж, энэ ярилцлагыг ч мөн адил хөнгөхөөн даваад гарчих юм шиг санагдаж сэтгэл амрав. Тэр ч бүү хэл автобусан дотор нам унчихсаныг бодоход тэрүүхэн бодолд миний сэтгэл хичнээн их амарсныг гэрчилнэ. Хэдий тийм ч зорьсон газраа унтаагаараа өнгөрөөчихсөнгүй,  гэнэт сэрээд суудлаасаа огло харайн босч автобусны хаалгаар гарч орч буй хүмүүсийг хамж хуйлруулж хараал ерөөлийг нь урсгаж байж нэг юм буулаа.
    Чухал ярилцлаганд орохоор явж байгаагаа мэдсээр байж автобусанд унтаж буудлаа өнгөрөөх шахсан хэнэггүй зан гаргаж байгаадаа өөрөөрөө бахархах сэтгэл төрөх нь хачирхалтай. Өнөө үед залуучуудын дунд "хайнга" хэмээх зан "моод" болоод байгааг дуурайхчаа алдчаад юундаа тэгж баярласан юм бол. Хайнга зангийн талаар хүмүүсийн бодол ялгаатай болжээ. Сонгодог утгаар нь эцэг эх, өвөө эмээгийн маань амьдарч байсан нийгэмд ойлгодог байсан мэт санагдах юм. Харин өнөөгийн зарим залуусын хувьд хайнга  охин эршүүд мэт харагдаж ингэж харагдахыг нууцхан хүсч явдаг бусад охидын атаархлыг хөдөлгөнө. Хайнга залуус охидод тоогдох, араасаа гүйлгэх нь тарнидуулсан аятай хачирхалтай харагдана.
Өөрийгөө тодорхойлооч, гэхэд "би ер нь хайнгадуу талдаа зантай хүндээ " гэж залуусын хамтлагийн нэгэн гишүүн хэлэхэд надад таалагдсаныг яана...Энэ зан үнэхээр биднийг хүссэн зүйлд минь хүргэж, зорилгодоо хүрэхээр тэмцэж буй залууст эрч хүч өгөх сайн чанар мөн  үү?
Шал авцалдаагүй сонсогдож байгаа биз дээ. Гэтэл ийм хэрэггүй занд би юунд нь тэмүүлээ юм бол? Миний үйл хөдлөл, үг яриа ч их сургуульд элсэж байсныгаа бодвол шал өөр болсон санагдах юм. Шал авцалдаагүй гэж  юу гэсэн хэл вэ гэж хэл шинжээчид гайхах байсан байх даа.
  Өөлвөл их олон илүүдсэн зан, үг хэллэг гарахаар иймэрхүү нэгэн шинэхэн төгсөгч ажлын ярилцлагад 2 дахь удаагаа явж байгаа нь энэ.
Хотын төвийн өндөр цамхагт 2 дахь удаагаа л орж байгаа минь энэ боловч хэзээ хэзээний ажилтан нь болсон юм шиг явсаар ярилцлагын өрөөний хаалгыг татан орлоо...
... Юу юугүй давсаг хагарахаа шахан өрөөнөөс гарангуут 00 зүглэн хурдаллаа. Ядаж биеэ засаад ярилцлагадаа орж болох л байсан боловч хувийн зохион байгуулалт мууг минь энэ явдал илтгэлээ.
   Ярилцлагын хариуг маргааш утсаар хэлнэ гэсэн болохоор хээв нэг алхсаар нүсэр барилгыг орхин одлоо.
   Гэртээ ирэв. Эгч маань хүргэн ахтай ирчихсэн үдийн хоолоо идэцгээж байв. Нэг их ажил бүтээчхээд ирсэн хүн шиг хоол нэхэж идчихээд унтаад өгөв.
Утас хангинах чимээнээр сэрлээ. Хэн байдаг билээ хэмээн төвөгшөөсөн янзтай бодоод ногоон товчлуурыг дарж чихэндээ ойртуулан бааййна уууу? хэмээн сунжруулаад араас нь нэг эвшээлээ.
Гэтэл утасны цаанаас "ярилцлагын хариу гарсан байна" гэхэд догдлохчоон аядлаа. Хүний нөөцийн ажилтан цааш нь "уучлаарай, танд татгалзсан хариу өгсөн байна "  гэж хэлэхэд дотор арзайгаад, хөл гуйваад явчихлаа. Тэрүүхэн тэндээ л тэртээ тэргүй тэнцэнэ, надаас олигтой хүн байгаагүй гэж бодож бардамнаж байсныг минь яана. Хамт шалгагдаж байсан залуусаа ингэж басч, үл тоох занг надад хэн заав?
   Оройжин унжийж урвайсан амьтан оройн хоолоо ч идсэнүй.
Шөнө 1 2 хүртэл мэссэнжэрдэж байгаад унтдаг хүн 10 цаг болоогүй байхад л орондоо орлоо. Нойр хүрэх юм биш, тэгдэг байж, ингэдэг байж, тэрийг хэлэх хэрэггүй байсан юм, миний оронд хэн орсон бол гэсэн бодлууд л толгойд эргэлдсээр байлаа. Яг бүтэн цаг өнгөрч зөөлөн дэрэн дээр толгойгоо тавьж дулаан хөнжилд тухлан хэвтсэнээс болж нүд нэг хоёр анилдсаар зүүрмэглэхээр нь "ашгүй, нойр хүрч байна " гэж бодоод нүдээ анин хэвтэв.
Гэнэт нэг бодол, нэг ч биш нэг хэсэг бодол толгойд зурсхийн орж ирлээ. 10н жилийн сурагч байсан үе, багш нарт магтуулж, олимпиад бүхнээс тэргүүн байрыг авдаг байсан үе, найз нөхөддөө чин сэтгэлээсээ тусалдаг, хариуцлагатай сурагч байсан үе, түүний хажуугаар нь их сургуулийн 1 2 3 4р курсуудад яаж сурч байсан өнгө будагтайгаар нүдэнд харагдлаа. Оюутан насны амьдрал сурагч байсан үеийнхээс тэс өөр, бүр эсрэгээр өнгөрсөн болохыг, сурагч үеийн төлөвшлөө оюутны ширээнд гээсэн болохоо мэдлээ. Зэрэгцэн сурч байсан оюутан нөхөд маань урагшилж амьдралдаа нэг алхам урагшилсан байхад би 4 алхам ухарсан мэт санагдаж, энэ бодлоос цаашлан олон янзын асуулт өмнө минь гарч ирэв. Би яг хэн юм бэ? Би юу хийж бүтээв? Юу сурав? Би хэн болж хувирсан юм бэ? Би одоо яах ёстой вэ? ...