Thursday, August 25, 2011

8-р сарын 20 Зурвас

         Ажилд орох хэд хэдэн бүтэлгүй оролдлого минь азаар дуусаж 6 хоногийн өмнө шинэхэн ажилд дадлагажихаар орлоо.
         Ажлын 5 өдөр ажилтайгаа танилцаж, ийш тийшээ гүйж, юм юм сурах гэж гүйсээр их л сайхан, бас хурдан  өнгөрлөө. Загнуулахдаа хүртэл буруу ойлгосон юмаа зөв болгон засч авч байгаадаа баярлаж, өдрөөс өдөрт мэдлэг, ур чадвар, хурд, бүтээмжээ нэмэгдүүлж, илүү их юм сурч мэдэхийг зорьж байсан учраас өнгөрсөн 5 хоног их хурдан, бас сайхан өнгөрсөн мэт санагдаж байгаа хэрэг болов уу. 
          Хагас сайн өдөр ажиллладаг болохоор яаран сандран хоцорчих шахаад гүйж орж иртэл харин энд PC тоглоомын газар ажиллаж байх юм. Хагас сайн өдөр амралтын өдөр боловч ажилладаг, харин амралтын өдөр боловч үйлчлүүлэгч бага байдаг болохоор хийх ажил бараг л байдаггүй юм байна. Шинэхэн хамт олон маань ээлж дараалан цуварсаар орж ирэхдээ "         Хүндэт PC тоглоомчид сайн уу? Өнөөдөр чинь тоглоомын өдөр биз дээ" хэмээн орилох л халаггүй л орж ирцгээхэд юу болоод байгааг төдийлөн сайн ухаарсангүй. Ажиллах үедээ дорвитойхон шиг ажиллачихдаг, харин амралтын өдөр ажил дээрээ амарчихдаг хамт олныг ажил амралтаа сайхан зохицуулдаг юм байна даа гэж хэлэхэд буруудах эсэхийг сайн мэдэхгүй л байна. Салбарын менежер маань утсаар ярихдаа "PC тоглоомын газраар сонин юмгүй дээ " гэж хэлэхийг сонсоход үнэхээр энэ байдал удаан үргэлжилсэн, бас бүгд л ижил дасал болчихсон болохыг ойлгов... .

Нарлаг өглөөний мэнд

     Нар буцсан өдрөөс хойш өглөөний нар хойшилсоор одоо бүр 7 өнгөрч байх үед л манддаг болжээ. Намрын урь орж байгаа бололтой гадаа бага зэрэг сэрүүн байдаг болж.
     Зуны 2 сарын турш гэртээ хэвтэхдээ 10 цаг хүртэл унтаж өглөөний нарны мэндчилэн мишээхийг харахгүй зуны халууныг гайхан гасалдаг байж билээ. Нээх эртний түүх ярьж байгаа хүн шиг л байж билээ эдр гээд байх бас хаашаа ч юм. За тэр ч яахав. Зун юм чинь халууцалгүй л яахав, тэхдээ бас арга ч үгүй шүү дээ. Нар дээр гартал илжиртлээ унтаж байсан юм чинь арга ч үгүй биз дээ.
     Шинэхэн өглөө надтай нүүр тулан мэндчилж харин би өглөөний нартай уралдан ажлынхаа
 өрөөнд яаран орж ирэхэд цонхны цаанаас нар аанай л нэг тайвнаар гэрэлтэж "Чи намайг гүйцнэ гэж бодоо юу? Би олон олон жил хорвоо дэлхийг гэрэлтүүлсэн нар шүү дээ. Надтай уралдахынхаа оронд надад хүслээ шивнээч, би чин сэтгэлээсээ залбирсан бүгдийн хүслийг анхааралтай сонсдог юм" гэж хэлж байх шиг санагдлаа. Өрөөний андууд маань ирээгүй байсан учраас нартай хоёулхнаа байгаа боломжийг ашиглан "Би ажилдаа маш их хайртай, би хүсч байсан ажилдаа орсондоо үнэхээр баяртай байна. Би өөрт оногдсон даалгавраа чин сэтгэлээсээ маш чанартай хийж байгууллагадаа хувь нэмэр оруулмаар байна. Би ажлаа 110 хувь хийхийг хүсч байна. Би чадна, би заавал хийнэ, би хийх ёстой, би хамгийн сайн нь байх ёстой" гэж шивнэлээ.
     Үүний дараа надад өөртөө, хорвоо дэлхийд, өглөөний энэ сайхан агаарт, эх орондоо, эцэг эхдээ, ажилдаа, хамт олондоо гээд байгаа бүхэндээ баярлан талархах сэтгэл төрөв. Өглөө бүрийг инээмсэглэлээр, талархлаар, аз жаргал, баяр баяслаар угтах ямар гайхамшигтай вэ? Тийм биш гэж үү?

Wednesday, August 24, 2011

Амжилтын тэмдэглэл- Цайны цаг

       Цайны цаг болоход 30 минут дутуу атал би өлсөж үхэхнээ. Өрөөний маань найз харин надтай санал нийлэхгүй юм. Хоолонд ороё гэж 30 минут ятгаад бүтсэнгүй яг 1 цаг болохыг хүлээхээр боллоо. Хоол болтол шийр зугаа гэдэг шиг цайнд ортол тэртээ тэргүй ажлаа хийж чадахгүй мантуун буузнууд толгойд эргэлдээд болохгүй нь ойлгомжтой болохоор ганц хоёр юм бичээд сууж байвал хэн хэндээ дээр юмуу даа. /Хэн хэн гэдэг нь миний ходоод бид 2 байхгүй юу/
       Захиралтай уулзаад хийсэн ажлаа шалгуултал урд хойноо орсон эмх замбараагүй санаанууд болсон байна гэлээ. Ерөнхийгөөс тусгай руу сэтгэж хийх нь миний онцлогт тохирохгүй бололтой. Тиймээс тусгайгаас ерөнхий рүү шилжсэн нь дээр бололтой гэсэн санааг надад хэлж энэ нь ч надад таалагдлаа. Ингэж хийвэл үнэхээр болох юм шиг байна.  Юм юм мэдэхгүй учраа олохгүй байгаа надад үнэтэй зөвлөгөө хэлж өгч байгаа миний сургагч шиг л санагдлаа. Хүн зорилгодоо хүрэхийг тулд зөвлөгч багштай байх хэрэгтэй гэсэн нэг санааг Бодо Шеферийн номноос харж байсан санаанд орж тэр сургагч маань захирал маань болвол яг таарах юм байна даа хэмээн бодож сууна. Сургагчаар хэнийг ч хамаагүй сонгох нь оновчтой биш, харин дор хаяж өөрөөс минь 10 дахин их орлоготой, өөрийн минь хүрэх гэж тэмүүлж буй газар хүрчихсэн хүнийг сонгох хэрэгтэй гэнэ. Ер нь бол хүсч байгаа амжилтандаа хэрхэн хүрэх талаар  тэр амжилтанд хүрээгүй хүнээс зөвлөгөө аваад ямар үр дүнд хүрэх билээ. За тэгээд зүтгээд байж дээ, зааварлагчтайгаа хамт. Ашгүй нэг цайны цаг боллоо. Ингэж өлсөж байснаа санахгүй байх чинь... хэхэхэ



Амжилтын тэмдэглэл- Өдрийн эхлэл

Өдрийн тэмдэглэл хөтлөлгүй цөөнгүй хэдэн жил болжээ. Энэ хугацааг эргээд бодоход юу болоод өнгөрсөн нь нэг л тодорхойгүй байсан мэт санагдах юм. Харин одоо энэ мөчөөс эхлэн амжилтын маань тэмдэглэл өглөө бүр миний блог дээр тавигдан уншигч олны сэтгэлийг хөглөх болно. Энэ өдөр миний амжилтын эхлэл. Би эхний алхмаа аль хэдийн хийчихлээ. Ямар сайхан мэдрэмж вэ?
Би хязгааргүй том хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэхийн төлөө тууштай тэмцэгч болно гэж боддог байлаа. Харин одоо би нэгэнт тэмцэж эхэллээ. Анхандаа шинэ хамт олон дунд ороод гадуурхагдах болов уу гэж дандаа л боддог байсан ч энэ ажилд орохын өмнө огтхон ч тэгж бодоогүй. Зүгээр л би хичээвэл болно, бүтнэ гэдэгт итгэж байсан юм. Бүх юм санаснаар минь болж ажилдаа оруутаа  7 хоногийн дотор жинхлэнэ гэдэг ямар сайхан хэрэг вэ? Хамт олон маань үнэхээр сайхан хүмүүс юм. Шинэ хүн ирэхэд чадах бүхнээ зааж тусалж, бусадтай л адилхан харьцаж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна.
Хэдхэн минутын дараа захирал дээр орж ажлаа шалгуулах гэж байна. Энэ үнэхээр сайн болсон. Надад заавар зөвлөгөө өгч цаашаа би ажиллах улам их тэмүүлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна. Би зүгээр нэг өөдрөг сэтгэлтэй охин биш. Би өөдрөг үзлийг өөрийн болгож, хэрэгжүүлж чаддаг өөртөө дэндүү итгэлтэй нэгэн. Тийм ч учраас өглөө бүхнийг аз жаргалтай инээмсэглэлээр угтаж үдэш бүр нүүрэндээ мишээл тодруулан нойрсох гүнж. Аз жаргалын амтыг мэдэрч үзсэн болохоор энэ мэдрэмжийн төлөө би чадах бүхнээ, үгүй ээ чадахаасаа ч илүү ихийг зориулах болно. Би юунд ч шантрахгүй, юунд ч эмзэглэхгүй. Юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй юм. Тиймээс алдаа, бэрхшээл бүхэн намайг хурцалж, надад эрч хүч өгөх болно. Өнөөдрийг хамгийн үр дүнтэйгээр өнгөрөөх болно. Хамгийн үр дүнтэй, үр бүтээлтэй өдөр байх болно. Амжилтын хаалгыг нэгэнтээ татсан. Би боломжийг олж харсан. Одоо хэзээ ч, бүр хэзээ ч энэ хаалгаар эргээд гарахгүй. Дараа дараагийн хаалгыг нээх түлхүүрийг би олох л болно. Олоод эзэмшинэ. Түүгээр ч барахгүй тийм хаалгыг, тийм түлхүүрийг бүтээж бий болгох болно.

Friday, August 19, 2011

8 Сарын 19

     Өдөр хоног ямар хурдан өнгөрч байнаа. Саяхан л улсын шалгалтаа өгөх гээд баахан цаас тойруулаад тавьсан уншаад сууж байсан чинь одоо эргээд хичээл орох болчихжээ. Гэхдээ энэ жил оюутны ширээний ард суухгүй болохоор сайхан ч юм шиг санагдаад байх юм. Би хичээлдээ тийм дургүй байсан юм байх даа. Хэхэ
Ийм л сайхан зуны улирал дуусч байнаи даа.   
   9 сар болох гэж байхад гадаа ямар халуун байх юм бэ, би яг оройн нар шууд тусдаг ширээний ард суудаг болохоор оройхон болохоор л бүгчимдэж халууцаад суухад бэрххэн болох юмаа. Тэхдээ ямар нэг ширээний ард суугаад ямарр нэгэн юм хийж байна гэдэг ямар сайхан бэ?

Tuesday, August 9, 2011

1 сарын 21-24-нд төрөгсөд

Бумбууд жинхэнэ хувиа бодогч юм. Амьдралаа маш нягт нямбай төлөвлөгөөтэй, өөрийн бодол санаа тооцоог ашиглан маш өвөрмөц зохиодог. Хүн өөлөхийн аргагүйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Амьдралд нь өөртөө итгэлтэй, шийдэмгий зохион бүтээх чадвартай нь маш хөдөлмөрч, ажиллах хүч чадвар идэвхи дайчин байдлаараа олж авч, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээдэг. Гавьяа шагналыг тэд өөрийнхөө нүр их хөдөлмөр чадлаараа олж авдаг.
Ихэнхи бумба нь нээлттэй , хааяа нэг нь нуугдмал чанартай байдаг. Тэд дөлгөөн биеэ барьж чаддаг , Ямар ч үед биеэ цэвэр аваад гардаг гэвч тэд өөрийн тойрон хүрээлэгчдэд маш их хатуу зарчимч, алдаа дутагдлыг нь хэзээ ч уучилдаггүй . зан чанарт нь дээрэнгүй үзэл илэрдэг ч сайн санаатай сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэд бараг маргалддаггүй, хэрэлдэх нь тун ховор. Харин өөрсдийн нь үзэл бодолд хамаатай байвал түүнийгээ маш хүчтэй хамгаалж байдаг, мөн найз нөхөд, ойр дотныхныхоо төлөө мөн адил. Тэд хүчирхийллийг үзэн яддаг, маш их энерги хүч чадлаа гаргаж тэмцэж зөрүү муйхар ааш ч гаргаж чаддаг Тэд удаан насалж эрч хүчтэй үр бүтээлтэй амьдардаг. Гадны нөлөө л орохгүй бол
Зурхай 50% тай л байдаг бололтой. Би биеэ цэвэр аваад гарчихаж чаддагүй асуудалд орооцолдож байдаг юмаа. Хэхэ. Алдаа дутагдлыг сайн уучилдаг ш дээ. За бусад нь ч бол байнаа байна гээд өөрийгөө нэг сайн магтчихая хэхэ.